2021 оны нэгдүгээр сарын 28-ны УИХ-ын чуулганаар Музейн тухай хуулийг баталлаа. Ингэснээр соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн.

Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсан юм. Ялангуяа барилга байгууламжийн нөхцөл муу, санхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүний нөөцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд бодит хохирол учирсаар байсан билээ.

Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

  • Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улаанбаатарын их сургууль “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим,
  • Олон улсын оюун ухааны музей, “Данзанравжаа” музей, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей, Чингис хааны өв соёлын музей, Хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Монгол костюмс музей, Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна.
  • Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.