Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ОЮУНЛАГ ОЮУТАН” эрдэм шинжилгээний бага хурал энэ жил 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү хурлын гол зорилго нь музей болон соёл судлал, палеонтологи, биологийн төрөл зүйл, геологи, газар зүйн чиглэлийн судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, музейн үйл ажиллагааг сурталчлах бөгөөд их, дээд сургуулийн судлаач оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, тэдний судалгааны ажлыг урамшуулан дэмжихэд оршдог билээ.
“ОЮУНЛАГ ОЮУТАН-2026” хуралд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Ургамал хамгааллын хүрээлэн, Биологийн хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн зочин илтгэлүүд тавигдсанаас гадна Монгол Улсын Их Сургууль (МУИС), Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Соёл Урлагийн Их Сургуулийн (СУИС) оюутнуудын нийт 15 илтгэл хэлэлцэгдлээ.
Хуралд дараах 4 үндсэн чиглэлээр судалгааны ажлуудыг хэлэлцүүлэв.
Музей болон соёл судлал
Биологийн төрөл зүйлийн судалгаа, хамгааллын асуудал
Палеонтологи
Геологи, газар зүйн судалгаа
Шилдэг байрт шалгарсан оюутнууд:
Зорилго, ач холбогдол, судалгааны үр дүнгээрээ бусдыгаа манлайлж, шилдэг гурван байрт шалгарсан судлаач оюутнууддаа баяр хүргэе!
I БАЙР: Ц.Отгонгэрэл (МУИС, Байгалийн ухааны сургуулийн III түвшний оюутан)
"Идлэг шонхорын ангаахайгаа асрах зан төрх"
II БАЙР: Д.Цогт (МУИС, Байгалийн ухааны сургуулийн IV түвшний оюутан)
“Нөмрөг голын шөвгөр хоншоорт зэвэг (Brachymystax lenok (Pallas, 1773)) загасны шилжилт хөдөлгөөний хэв маяг”
III БАЙР: Ц.Алтаншагай (ШУТИС, Геологи уул уурхайн сургуулийн IV түвшний оюутан)
"Газрын ховор элементийн хэтийн төлөвийг кластер анализаар үнэлэх" (Хар толгой талбайн жишээн дээр)
Эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан залуус, зочин илтгэгчид болон хамтран ажилласан сургууль, ШУА-ын хүрээлэнгүүддээ талархал илэрхийлье.
Эрдэм номын цагаан мөр мөнхөд дэлгэрэх болтугай!